
Учир мэдэх хүмүүс тэмдэглэл хөтлөхийн давуу талыг цэгцтэй бодож, сэтгэхийн суурь, эхлэл хэмээдэг. Тиймдээ ч өөрсдийн хийж, бүтээсэн зүйлээрээ амжилтад хүрсэн, нийгэмд нөлөө бүхий олон хүн тэмдэглэл хөтлөх зуршилтай байсан бөгөөд байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Тэгэхээр орчин үеийн дэлхийн энтертэйнмэнт салбарт тэмдэглэл хөтлөх зуршилтай ямар алдартнууд байна вэ? Энд тэдгээрийн заримаас нь онцолж байна.
1. Jennifer Aniston

“Friends” цувралын гол дүрийн жүжигчин тэрбээр тэмдэглэл хөтлөх зуршилтай ба энэ талаар түүний нэгэн ойрын эх сурвалж хэлэхдээ, “Жен 13 настайгаасаа хойш тэмдэглэл хөтөлж байгаа. Миний мэдэхээр түүний сейфэнд 6 дэвтэр бий. Тэдгээр нь арьсан хавтастай энгийн л нэгэн дэвтрүүд. Гэр бүл, хайр дурлал, найз нөхдийн харилцаа, ажил хэрэг, элдэв үйл явдлууд гээд бүхий л зүйлс бичигдсэн байдаг. Мөн тэрээр хүмүүстэй ил тод маргалдаад байдаг төрлийн хүн биш. Тулгарсан асуудлынхаа талаар эргэцүүлж, дэвтэртээ бичсэн хойно асуудалд ханддаг нэгэн. Энэ утгаараа асуудлыг шийдвэрлэх үед тэрээр үргэлж давуу байдалтай байдаг ба өөрийн хяналтаа хэзээ ч алддаггүй” гэжээ. Эндээс тэмдэглэл хөтлөх нь зөвхөн ажил хэргийн төлөвлөгөө, хийх зүйлийн жагсаалтаар хязгаарлагдах бус түүн дээр бид хувийн бодол, санаа, мэдрэмжүүдээ ч буулгаж, хадгалах боломжтой болохыг харуулж байна.
2. Lady Gaga

Поп од хүний амьдралын хэв маяг ямар байдаг вэ – Дуучин Лэйди Гага үүнийг баримтжуулах зорилгоор тэмдэглэл хөтөлдөг тухай түүний ойрын эх сурвалж ийнхүү мэдээллэсэн байдаг. “Тэрээр аялан тоглолтын үеэр болсон үйл явдал, түүнээс өөрт төрсөн бодол, сэтгэгдэл, мэдрэмж бүрийг тэмдэглэн авч, тэмдэглэлдээ фото зураг, ээжтэйгээ харилцсан захидал зэргийг хавсаргадаг. Хэрэв тэр хүүхэдтэй болбол түүний хүүхэд поп од ээжийнхээ амьдралын талаар уншиж танилцах боломжтой юм. Мөн тэрээр цаг үе нь таарах тохиолдолд тэмдэглэлээ ном болгон хэвлүүлэх талаар ярьдаг” гэсэн.
3. Emma Watson

Анх “Харри Поттер” киногоор олонд танигдсан жүжигчин Эмма Ватсон олон жилийн турш хувийн тэмдэглэл хөтөлж буй нэгэн. Тэрээр, “Би багаасаа элдэв зүйл сонирхож, цуглуулах хоббитой хүүхэд байсан ба тэмдэглэл хөтлөх нь үргэлж миний сонирхлыг татдаг байсан. Надад зүүдний, иогийн, уулзаж, танилцсан хүмүүсийн, мөн ажлын, дурсгалын, хувийн гээд 10 төрлийн тэмдэглэлийн дэвтэр бий” хэмээн ярьж байсан. Мөн Vogue сэтгүүлийн видеонд тэрээр сүүлийн 1 жилийн турш 5 минутын тэмдэглэл хөтөлж буй талаараа дурссан байдаг.
4. Joseph Gordon-Levitt

Жүжигчин Фозеф Гордон-Лэвит нэгэн ярилцлагадаа, “Би бичих дуртай. Гэхдээ энэ нь тогтмол, тогтмол бус байсан гээд тэмдэглэл хөтлөх карьер маань өгсөж, уруудсаар өдийг хүрсэн. Гэхдээ л бичих гэдэг. Ялангуяа намайг бодолд автуулсан, намайг сорьсон асуудал тулгарах үед бичих хэрэгтэй болдог” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэмдэглэл хөтлөх нь түүнийг эрүүлээр бодож, сэтгэх, мөн аливаа асуудалд хариулт олоход нь тусалдаг байна.
5. Meghan Markle

Жүжигчин Меган Маркл Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болохдоо өөрт байсан олон зүйлийг золиослох шаардлагатай болсон ч хувийн тэмдэглэл хөтлөхөө орхигдуулаагүй байна. Язгууртан хэргэм зэргээс төд удалгүй татгалзаж, жирийн амьдралаар амьдрахаар шийдсэн түүний “хувийн тэмдэглэл” өдгөө хэвлэлийн олон компаниудын анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Гэвч хатан хааны гэр бүлийн амьдралын талаарх таатай, таагүй агуулгын улмаас хэзээ ч хэвлэгдэхгүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: GirlsTalkinSmack.com, Medium.com, StarsInsider.com
Танд санал болгох нь
-
roux шаргал 100 хуудастай B6 арьсан дэвтэр45,000₮ – 60,000₮
Хариулт үлдээнэ үү