Цаас уу, компьютер уу? Бичихэд аль нь дээр вэ?

Бид өнөөдөр дижитал шилжилтийн эрин үед амьдарч байгаа нь маргаангүй боловч үзэг, цаас хэрэглэхээ больчихсон гэсэн үг биш. Гэвч компьютер, гар утас, таблетууд ухаажиж, жижгэрсээр хэрэглэхэд илүү хялбар болж байгаа нь дээрх асуудлыг эргэцүүлэхэд хүргэж байна.

Энэхүү бичвэрээр аливааг компьютер дээр бичихэд тохиромжгүй, төвөгтэй гээд үзэг, цаасыг илүүд үзэх гэсэнгүй. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай байж таарна.

Тэгэхээр компьютер, гар утасны давуу талыг аваад үзье л дээ.

  • Бичсэн зүйлээ засварлахад маш амархан (буруу бичсэн бол арилгах, өөрчлөх, төрөл бүрийн форматад оруулах, copy paste хийх, бүхлээр нь дахин засварлах гэх мэт) буюу нэг ёсондоо бичиж буй хүнийхээ цагийг хэмнэдэг
  • Бичвэр дундаас хэрэгтэй зүйлээ хайж олоход хялбар
  • Бичгийн хэв гаргагдахгүй, уншигдахгүй гэх зүйлгүй
  • Бичвэрээ хүссэн хүмүүст, хүссэн газраа шэйрлэх, түгээх боломжтой
  • Цаасыг модноос гарган авдаг тул компьютер, гар утас, таблет зэрэг нь байгаль орчинд ээлтэй байх магадлалтай

Харин одоо цахим төхөөрөмжөөс илүү яагаад үзэг, цаас хэрэглэх хэрэгтэй, уламжлалыг хадгалж авч үлдэх хэрэгтэй талаар дурдъя.

Сатаарах нь бага

  • Бид бүтээлч, үр дүнтэй байхын тулд аливаад аль болох сатаарахгүйгээр анхаарлаа нэг зүйлд хандуулахыг хүсдэг. Гэвч цахимаар бичих үед бичвэрийн хэлбэрт анхаарах (тодруулах, налуу болгох, фонт өөрчлөх гэх мэт), алдаа шалгагч програмын зөвлөсөн үгийн алдааг засаж, өөрчилсөөр сатаарч, улмаар бичиж, төлөвлөх гол санаагаа гээж, орхигдуулдаг
  • Компьютер дээр нэгээс нөгөө рүү шилжихэд хялбар тул бидний бүтээмж, хурдад сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг (төрөл бүрийн notification ирэх, имэйл ирэх гэх мэт байдлаар) Харин ширээн дээр зөвхөн цаас, үзэг байхад өөр зүйлд сатаарах шалтгаан гарна гэж үү?
  • Тэмдэглэлийн дэвтэр дээр бичихэд компьютер шиг асахыг нь хүлээнэ, баттерэй дуусаад унтарна гэх зүйлгүй. Хүссэн үедээ гаргаад л шууд бичиж эхлэх боломжтой

Илүү найдвартай

  • Өмнө дурдсанчлан бичих үед баттерэй дуусах, эсхүл гацаж, эвдрээд бичсэн зүйл устгагдана гэх зүйлгүй буюу ток цахилгааны хамааралгүй тул илүү найдвартай
  • Тэмдэглэлийн дэвтрээ хүссэн газраа авч явах (гар утсыг оруулахгүйгээр), хүссэн үедээ гаргаад бичих боломжтой
  • Дэвтэр дээр тань бичигдсэн ямар нэг бичвэр шүүх, цагдаагийн байгууллагад бичмэл нотлох баримтын эх хувьд тооцогдох боломжтой

Хүссэнээрээ ноорогло

Бид толгойд орсон ямар нэг бүтээлч санаа, шийдлийг цаасан дээр хүссэнээрээ (зурах, бичих, сараачих байдлаар) буулгаж болдог бол компьютер дээр энэ нь хязгаарлагдмал байдаг. Учир нь зохих програм, аппийг ачаална – энэ нь мэдээж цаг авна, бас гараар бичиж, зурахад нэмэлт төхөөрөмж шаардлагатай шүү дээ.

Илүү “хувийн” онцлогтой

  • Хүмүүсээс бичихдээ цаас, компьютерийн алийг нь илүүд үзэхийг асуухад цаас буюу тэмдэглэлийн дэвтрийг сонгосон нь олонх байсан ба шалтгаан нь тэмдэглэлийн дэвтэр хувь хүний хувийн орон зайг илүү агуулж, шингээдэг зүйл гэдгээрээ онцгойд тооцогдож байв
  • Нөгөө талаар интернэтээс байнгын хамааралтай болсон өнөө үед компьютер, гар утсан дээрх хувийн тэмдэглэл, мэдээллээ кибер халдлага болон бусад замаар хулгайд алдах эрсдэл бидэнд бодитой байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм

Зүгээр л энгийн, тухтай санагддаг

  • Үзэг бариад цаасан дээр бичих тэр нэг туршлага (experience), мэдрэмжийг ямар ч компьютер, гар утас, таблет танд өгч чадахгүй.
  • Ерөөсөө бичих хамгийн энгийн бөгөөд тав тухтай хэлбэр нь үзэг, цаас нийлүүлэх биш гэж үү?

Дүгнэлт: Аль алийг нь хэрэглэ!

Төр, бизнесийн байгууллагуудын дунд явагдаж буй цаасны хэрэглээг халах тренд удаашралтай байгаа нь олон жил хадгалагдаж, тогтсон ажил хэргийн уламжлалт хандлагатай холбоотой. Харин мэдээллийн технологи суурьтай гэдэг ч юм уу, онцлог бүхий зарим компаниуд цааснаас бүр мөсөн татгалзаж болоод байна гэдэг нь цаас, компьютерийн аль алинд нь өөрсдийн давуу, сул тал байгааг илтгэж буй хэрэг.

Хүмүүс хувийн бодол, дурсамж, шинэ бүтээлч санаагаа ихэвчлэн цаасан дээр буулгадаг бол ажил хэргийн болон бусадтай хуваалцах зорилгоор хийх зүйлээ компьютер, таблет дээр хийж байна.

Эцэст нь цаас, компьютерийн давуу талыг хүн бүр өөрсдийн сонголтоор, өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн ашиглаж чаддаг байх нь чухал билээ.

Эх сурвалж: Paperblanks.com


Санал болгох нь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн