
Тэмдэглэл хөтлөхийн давуу талыг хамгийн их үнэлдэг, мэддэг хүмүүс ихэвчлэн зохиолч, илтгэгч, сэтгүүлч, бизнесмэн, менежерүүд байдаг гэвэл хол зөрөхгүй байх. Гэхдээ энэ нь зөвхөн тэдэнд хамаатай, тэдний хийдэг зүйл гэсэн үг биш.
Хүн бол нийгмийн амьтан – энэ утгаараа аман болон аман бус хэлбэрээр өөр хоорондоо харилцах хэрэгцээ, шаардлагатай байдаг. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед тэд үүрэн холбоо, интернэт – имэйл, сошиал орчинд бичгээр буюу текстээр үр дүнтэй харилцаж, ажил хэрэг, бизнес, хувийн асуудлуудаа зохицуулж байна. Чухам энэ үед л тэмдэглэл хөтөлсний үр дүнд олж авах “бичих ур чадвар” бидэнд хэрэг болох болно. Гэвч давуу тал зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд цааш уншиж, илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
1. Бичих нь толгой сэргээдэг
Толгой дотор олон янзын бодол эргэлдэж, учраа олохоо болих үе хэн бүхэнд байдаг. Энэ тохиолдолд тэр бүх бодол, эргэцүүлэл, гомдол, цөхрөл, уран сэтгэмж, өөр юу байдаг юм – бүгдийг нь цаасан дээр буулгаж, бичих хэрэгтэй. Үр дүнд нь утга учиргүй, замбараагүй олон зүйл бичигдэх юм шиг боловч толгой тань хэрэггүй, хоосон бодлуудаас чөлөөлөгдөж, сэргэх учиртай юм. Цаашлаад энэ нь аливаа асуудалд анхаарал хандуулах, төвлөрөх үед сайнаар нөлөөлж, тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах болно гэдэгт итгээрэй.
2. Бичих нь хуучин дурсамжийг сэргээдэг
Цаасан дээр бичигдсэн ямар нэг үг, өгүүлбэр таны мартагдсан байсан – хийхээр төлөвлөсөн зүйлс, өнгөрсөн дурсамжуудыг сэргээх болно. Сэргээгдсэн бодол, дурсамжуудаас зарим нь таагүй санагдаж болох ч өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх та хэр их өөрчлөгдсөн, ямар туршлага болоод сургамж авсан талаараа эргэцүүлэн бодоорой. Нөгөө талаас, эерэг бодол, дурсамжууд сэргэх үед нүүрэнд тань инээмсэглэл тодорч, хайрлаж, хүндэлдэг хүмүүстэйгээ холбогдох, хийх ёстой байсан зүйлсээ шинээр дахин хийж, төлөвлөх сэдэл төрөх болно.
3. Бичих нь шинэ санаа, бодлоо хадгалах боломжийг олгодог
Зарим үед гэнэт, хаанаас ч юм сонирхолтой, содон, хийж хэрэгжүүлмээр бүтээлч санаа, шийдэл толгойд орж ирэх нь бий. Тэр үед тэдгээрийг бичиж авч байх нь зүйтэй. Дотроо хадгалаад байж болох ч тоо томшгүй олон мэдээлэл дунд ажиллаж, амьдарч байгаа өнөө үед мартагдах нь элбэг. Үүнээс гадна санаануудаа цаасан дээр буулгаж, хөгжүүлэх, өөр хооронд нь холбох, дундаас нь цоо шинэ санаа гаргаж авах боломжтой.
4. Ажил, амьдралд тохиож буй үйл явдлыг өөрөөр харж сурдаг
Дээрх зуршлыг суулгах хамгийн энгийн жишээ бол өдөр тутмын тэмдэглэл хөтлөх явдал. Үүнээс гадна уран зохиол бичих, бичихээр оролдох нь хүний төсөөлөн бодох чадвар, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлж, аливааг өөр өнцгөөс харах, хийсвэр болоод бодит байдлыг хооронд нь харьцуулах, асуудлыг обьектив талаас нь үнэлж, дүгнэх боломжийг олгодог. Мөн өөр нэг арга бол блог хөтлөх явдал. Бичвэр тань олон хүнд харагдаж, уншигдах боломжтой тул бичихээр төлөвлөсөн сэдвийнхээ талаар бид хүссэн хүсээгүй эргэцүүлж бодох, мөн судалгаа хийх шаардлагатай болдог.
5. Ярианы болоод бичгийн ур чадвар сайжирдаг
Хүн бичих тусам үгийн сонголт, найруулгадаа анхаарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ярианы ур чадвараас түрүүлж бичгийн ур чадвар тань сайжирч, оновчтой бөгөөд уран, бас мэргэжлийн үг хэллэг хэрэглэх гэдэг. Яваандаа тэдгээр үг, өгүүлбэрүүд таны ярих хэв маягт ч нөлөөлж эхэлдэг. Баялаг үгсийн сан, оновчтой илэрхийлэл тантай харилцаж буй этгээдэд таны талаар таатай сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.
6. Ямар нэг зүйлийг амжилттай хийж дуусгасан мэт санагддаг
Хүн амьдралын хором мөч, жижиг үйл явдал бүрээс таашаал, аз жаргалыг авч сурах ёстой гэдэг. Тэгвэл ямар нэг бичвэр, блог бичиж дуусах бүрийд сэтгэл ханасан, таатай мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг гэвэл ямар байна? Үүнд урамшсан зарим амбицлаг хүмүүс нийтлэл, ном, зохиол бичих байдлаар өөрсдийгөө хөгжүүлдэг. Магадгүй танд бичих ур чадвараа сайжруулсан өөртөө талархах үе хэзээ нэг өдөр ирэх ч юм билүү, хэн мэдлээ.
7. Бичих нь оюуны дасгал болдог
Эрүүл, фит байх гэдэг ойлголт зөвхөн бие махбодид хамаарах асуудал биш. Бичих үед хүний тархинд танин мэдэхүйн олон тооны процесс явагдаж, бүтээлч сэтгэлгээ нэмэгддэг. Та оюуны хувьд идэвхтэй байснаар альзхаймер тэргүүтэй сэтгэцийн олон төрлийн өвчлөл болоод эмгэгээс өөрийгөө сэргийлэх боломжтой.
Эх сурвалж: skillsyouneed.com
Хариулт үлдээнэ үү