Та тэмдэглэл хөтлөхийг “хобби” гэж хэлэх үү? Ихэнх хүмүүс “үгүй” гэх ч, яагаад хобби болгож болохгүй гэж? Доор дурдагдсан тэмдэглэлийн хэлбэр, төрлүүдээс та өөрт тохирох хувилбарыг хайж олохын тулд багагүй цаг гаргах хэрэгтэй болно. Эсхүл тэмдэглэлийн хоббитой бол хэд хэдээр нь туршиж үзэж болох юм.
Түүх сөхвөл, одоогоос 2000 гаруй жилийн өмнө эртний Хятадын Хань улсын аялагч Ма Дубо хэмээх эрхэм эзэн хаандаа тахил өргөхөөр тус улсын 5 хайрханы нэг болох Тайшань уулруу аялах үедээ өөрт тохиолдсон адал явдлыг цаасан дээр тэмдэглэн үлдээсэн нь өдгөө дэлхийн хамгийн анхны тэмдэглэлд тооцогддог аж. Тэрхүү тэмдэглэлд хуучин цагийн хүмүүсийн өдөр тутмын амьдралыг дүрслэн бичсэн байсан нь “тэмдэглэл хөтлөх”-ийн хэчнээн чухалыг түүхэн талаас нь батлан харуулах мэт.
Таны хувьд тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг өөрөөр юу гэж хардаг вэ? Мөн эдгээр олон тэмдэглэлийн төрлөөс алийг нь сонгох вэ?
1. Шугамгүй дэвтрийн тэмдэглэл

Хэрэв танд ямар нэг зүйлийн талаар бичиж, тэмдэглэх мэдрэмж үе үе төрдөг бол шугамгүй, цулгүй тэмдэглэлийн дэвтрийг сонгоорой. Тэрхүү дэвтэр яг л цүнхэнд тань багтах бяцхан, аюулгүй, хоосон орон зай шиг санагдах бөгөөд та түүнрүү хүссэн үедээ ороод толгойд эргэлдэж буй бүхнээ буулгах боломжтой. Магадгүй илүү том зорилгоор бичихээр төлөвлөж буй бол (жишээ нь зохиол бичиж, хэвлүүлэх) компьютер юмуу, эсхүл бусад төрлийн дэвтрийг сонгох нь зүйтэй ба шугамгүй дэвтэр дээр зөвхөн тэмдэглэл бичих зориулалттайг санаарай.
“Би хэзээ ч тэмдэглэлийн дэвтэргүй аялдаггүй. Ядаж л замд унших сонин содон зүйлтэй байна шүү дээ”
Oscar Wilde
Шугамгүй дэвтэр хөтлөхийн давуу тал:
- Тэмдэглэл бичих онгод, хэрэгцээг тань хангах цулгуй, хоосон орон зай
- Бусад төрлийн дэвтэртэй харьцуулшгүй хязгааргүй их эрх чөлөөг олгоно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Өөрт таалагдах тэмдэглэлийн төрөл, хэлбэрээ сонгоогүй байгаа хүмүүст
- Хайрцаглагдах дургүй хүмүүст
- Төрөл бүрийн тэмдэглэл хөтөлдөг бүтээлч сэтгэлгээтэй хэн бүхэнд
2. Зүүдний тэмдэглэл

Хүн зүүдлэхдээ үндсэндээ тухайн өдөр, эсхүл илүү олон өдрийн өмнө болсон үйл явдлыг өөрийн уран сэтгэмж, харах өнцгөөр найруулан, тархиндаа дахин боловсруулдаг ба үр дүн нь яг л кино шиг санагддаг. Тиймдээ ч бид унтаад сэрсэн хойноо зүүдээ эргэн санах гэж хичээдэг.
Мөн сэтгэцийн эмчид үзүүлж, харуулах тохиолдолд ямар зүүд зүүдэлснээ санах нь чухал. Харамсалтай нь зүүдний үргэлжлэх хугацаа, түүний олон деталь, бүрдэл хэсгүүдээс болоод бид тэр бүр нарийн санадаггүй. Энэ нь хүний унтаж байх үед тархинаас ялгарах цахилгаан долгионы үйл ажиллагаа, рем нойрны үе шат, зүүдний логик дэс дараалал, сэтгэл хөдлөлийн өнгө аяс гээд олон хүчин зүйлээс хамаардаг.
Тэгэхээр зүүдэлсэн зүүдээ мартахаас сэргийлэх үндсэн нэг арга бол зүүдний тэмдэглэл хөтлөх явдал юм. Тодруулбал, унтахын өмнө орныхоо дэргэд дэвтэр тавиад, зүүдээ нойрноосоо сэргэсэн даруй бичих тохиолдолд бид түүнийг илүү нарийн, тодорхой санаж, тэмдэглэх болно. Хэрэв зүүдний тэмдэглэл хөтлөхийг хэвшил болгож чадвал зүүдний “санах ой” тань улам илүү сайжирч байгаа нь анзаарагдана.
Олон төрлийн тэмдэглэлээс алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол зүүдний тэмдэглэлээс эхлэхийг зөвлөж байна.
Зүүдний тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Зүүд санах, хадгалах чадвар тань сайжирч, зүүдэндээ дүн шинжилгээ хийх боломжтой болно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Эрүүл мэндийн шалтгаанаар зүүдээ эргэцүүлж, хянах шаардлагатай болсон хүмүүст
- Зүүдээр дамжуулан өөрийгөө танин мэдэх болон өөрөө өөртөө дүн шинжилгээ хийх гэсэн хүмүүст
3. Уран сайхны тэмдэглэл

Уран сайхны тэмдэглэл хөтөлж, бүтээлч ур чадвараа нээхийн тулд та заавал урлагийн хүн байх шаардлагагүй. Хэн ч бай, үзэг, харандаа нийлүүлэн цаасан дээр дуртай зүйлээ турших боломжтой. Үүнтэй холбоотой Оросын нэгэн хуучны үг бий, “Цаас бүх зүйлийг тэвчдэг – урлагийн хамгийн муу бүтээлийг хүртэл” гэж.
Мөн та музей, үзэсгэлэн, концерт гээд урлагийн аливаа үзүүлбэрийг үзээд өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдэлээ буулгаж, холбогдох тасалбар, фото зургаар уран сайхны тэмдэглэлээ чимэглэх боломжтой.
Өөр нэг зүйл нь энэ төрлийн тэмдэглэл сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүмүүст эрх чөлөөний мэдрэмж авах, аливааг өөр өнцгөөр харах, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө бичгээр болоод зургаар илэрхийлэх зэрэг олон боломжийг олгодог давуу талтай.
Уран сайхны тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Creative буюу бүтээлч эрч хүчээ гаргахад тань тусална
- Уран бүтээлийн талаарх шинэ санаа, дүрслэлийг тань хадгална
- Урлагийн бүтээлч үйл ажиллагаанаас олж авсан дурсамж, сэтгэгдлийг тань хадгална
Ямар хүмүүст тохирох вэ?
- Урлагийн салбарын бүх хүмүүст
- Ямар нэг бүтээл туурвих сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүст
- Мэдрэмж болоод сэтгэл хөдлөлөө үгэн бусаар илэрхийлэхийг хүссэн хүмүүст
- Сэтгэл тавгүйрэл, сэтгэл гутралаар шаналж буй хүмүүст
- Сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавихыг хүссэн хүмүүст
4. Хоолны тэмдэглэл

Олон төрлийн хоолны жор туршиж үзэх дуртай ч тэдгээр мэдээллийг нэг дор хадгалдаггүй бол энэ төрлийн тэмдэглэл танд яг тохирно. Өнгөрсөн амралтын өдрөөр зочилсон айлын эзэгтэйн хоол танд таалагдсан ба та дараа нь түүнийг гэртээ хийхийг хүсвэл жорыг нь хоолны тэмдэглэлдээ хадгалаад аваарай!
Хоолны тэмдэглэл нь зөвхөн жор цуглуулах тухай биш бөгөөд та таалагдсан хоолныхоо талаарх сэтгэгдэлээ хоол хийсэн тогооч, эзэгтэйн зургийн хамт хавсаргаж, тэмдэглэлээ илүү бүтээлч байдлаар хөтлөх боломжтой. Түүнчлэн, хүнсний дэлгүүр орохдоо хоолны тэмдэглэлээ авч яваад, хийж үзэхийг хүссэн хоолныхоо орцыг яг таг хайж олох боломжтой юм.
Хоолны тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Ямар хоол хийх талаар төлөвлөж сурна
- Гоё хоолны жор, зургийн цуглуулгатай болно
- Хүнс цуглуулахад илүү амар хялбар байх болно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Хоол хүнсэндээ нухацтай ханддаг хүмүүст
- Хоолны дэглэм барихыг хүсч буй хүмүүст
- Хоолны жор, хоолтой холбоотой дурсамж, сэтгэгдлээ бичиж, хадгалахыг хүссэн хүмүүст
5. Талархлын тэмдэглэл

АНУ-ын телевизийн хөтлөгч, продюсер Опра Винфри тэргүүтэй дэлхийн олон алдартай хүмүүс талархлын тэмдэглэл хөтөлдөг. Магадгүй та урт зүйл бичиж, тэмдэглэх дургүй бол өөрийг тань аз жаргалтай, хамгийн сайн хувилбар болгоход туслах “5 минутын тэмдэглэл” тэргүүтэй талархлын тэмдэглэл хөтлөөрэй. Юунд талархаж байгаагаа бичихэд танд ердөө 5 минут хангалттай. Талархлын тэмдэглэл хөтлөхийн гол зорилго нь тухайн хүн бусдад болон байгаа зүйлдээ талархах сэтгэлийг өөрөө өөртөө төлөвшүүлэх явдал байдаг.
Талархлын тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай
- Таны анхаарлыг үргэлж эерэг зүйлрүү татна
- Стресс болон сэтгэл тавгүйтүүлэх зүйлсээс хол байлгана
Ямар хүмүүст тохирох вэ?
- Эрүүл, аз жаргалтай, эерэг хандлагатай байхыг хүсч буй хэн бүхэнд
- Тэмдэглэл хөтлөх сонирхолтой ч түүнд их цаг зарцуулах сонирхолгүй хүмүүст
6. Номын тэмдэглэл

Та амралтын өдөр гарч зугаалахаас илүү гэртээ, буйдан дээрээ тав тухтай суугаад ном унших хоббитой номын хорхойтон юм биш биз? Хэрэв тийм бол танд “номын тэмдэглэл” бий юу? Тэмдэглэл хөтлөх нь уншиж буй номоо ойлгож, дүгнэх хамгийн тохиромжтой арга бөгөөд та тухайн номноос өөрт таалагдсан хэсэг, санаа, мөн ишлэл үгсийг номын тэмдэглэлдээ бичиж, хадгалах боломжтой юм.
Хэрэв та номын клубт хамрагддаг бол өдөр бүр унших дадалд суралцах нь чухал. Ном унших үеэр бидний толгойд олон төрлийн бодол, сэтгэл хөдлөл эргэлддэг бөгөөд шуудхан хэлэхэд, ихэнхийг нь мартчихдаг. Тиймээс тэдгээрийг номын тэмдэглэлдээ бичээд, шаардлагатай үед сөхөж хардаг байх нь гайхалтай санаа бөлгөө. Магадгүй танд номын тэмдэглэлээ дэвтэр дээр хийх нь тохиромжгүй, хуучинсаг санагдвал Goodreads тэргүүтэй вэбсайтыг ашиглаарай.
Номын тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Унших явцад чухал, хэрэгтэй гэж үзсэн номын хэсгийг бичиж авч, хадгална
- Уншсан бүх номоо бүртгэж, хадгална
- Номын хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэхэд “номын тэмдэглэл” тань тус болох болно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Номын хорхойтнуудад
- Номын клубын гишүүдэд
- Ишлэл, онч үгс цуглуулагч нарт
7. Аялалын тэмдэглэл

Аялалд гарахдаа ямар ч зураг авахгүй явна гэдэг төсөөлөхөд бэрх. Харин дээр үед хүмүүс зургийн аппаратгүй тул аялалын дурсамж бичдэг байсныг та мэдэх үү? Зочилж очсон газруудынхаа талаар, хөдөө хайрттайгаа хамт хоносон дурсамжынхаа талаар бичиж тэмдэглэх нь өөрөө романтик биш гэж үү?
Аялалын тэмдэглэлд юу харсан, юу идсэн гэдгээс илүү та юу мэдэрсэн, танд ямар мэдрэмж төрсөн бэ гэдэг нь чухал. Тэмдэглэлээ баяжуулахын тулд фото зураг, гар зураг, тасалбар, авч явах зүйлийн жагсаалт, чухал хаяг, дугаар, бүр шинээр сурсан гадаад үг, өгүүлбэр зэргийг нэмээрэй!
Аялалын тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Энэ бол аялалаас авсан дурсамжаа хадгалах бүтээлч арга хэлбэр
- Авч явах зүйлийн жагсаалт, чухал шаардлагатай газрын нэр, хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг нэг дор агуулна
- Өөрт хэрэгтэй бүх мэдээллийг дэвтэр дээрээ бичсэн бол гар утасны цэнэгээс холбоо хамааралгүй, тайван аялах болно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Бүх хүмүүст тохиромжтой
8. Ургамлын тухай тэмдэглэл

Танд ямар цэцэрлэг байхаас үл хамааран хэрэв та цэцэрлэгжүүлэлт хийх хоббитой бол энэ төрлийн тэмдэглэл цэцэг, ургамал тарих туршлагыг тань нэмж, сайжруулахад тусална.
Ямар ч төрлийн дэвтрийг ургамлын дэвтэр болгон ашиглах боломжтой. Ургамлын тэмдэглэл хөтлөх талаар тодорхой нэг дүрэм байхгүй ч, цэцэрлэгжүүлэлт хийх төлөвлөгөө, усалгааны хуваарь гаргах, хатаамал хийх, ногоо, ургамал тарих үеэр олж авсан мэдлэг, мэдээлэл, мэдрэмжийг бичих, цэцэрлэг, ургамлынхаа зургийг хавсаргах боломжтой. Мөн тарьсан цэцэг, ургамал тань хэрхэн ургаж буй талаарх ажиглалтаа 7 хоног, сар, улирлын давтамжтайгаар бичиж тэмдэглээрэй.
Ургамлын тухай тэмдэглэл хөтлөх давуу тал:
- Цэцэг, ургамал, цэцэрлэгийнхээ төлөв байдлыг хянахад тусална
Ямар хүмүүст тохирох вэ?
- Цэцэрлэгжүүлэлт хийх сонирхолтой хүмүүст
- Бие даан цэцэг, ургамал, ногоо, жимс тарих гэж буй хүмүүст
9. Төслийн тэмдэглэл

Хэрэв та гаргасан амжилтаа хэмжиж, хийсэн бүх гайхалтай зүйлсээ тэмдэглэж авахыг хүсвэл төслийн тэмдэглэл хөтлөх талаар бодож үзээрэй.
“Төслийн тэмдэглэл” тодорхой төсөл дээр хийгдэх ажлуудыг зөв дэс дараалалд оруулах, хүрэх зорилт, цаг хугацааг тодорхойлох болон гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, гүйцэтгэлийн биелэлтийг хэмжихэд тусална.
Мөн та аливааг өөрийн гараар хийх дуртай DIY төрлийн хүн бол хийсэн, хийж буй сонирхолтой ажил, төслийнхөө талаарх явцыг төслийн тэмдэглэл дээрээ бичиж болно. Төслийн тэмдэглэлийг хэрхэн бүтээлч байдлаар хөтлөх тал дээр бяцхан зөвлөгөө өгөхөд:
- Зураг хавсаргах
- Ямар шат дарааллаар хийсэн,
- Ямар материал ашигласан,
- Хэдий хэмжээний төсөв орсон,
- Түгээмэл тулгардаг асуудал болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар,
- Мөн ирээдүйд хийхээр төлөвлөж буй DIY төслийнхөө талаар тус тус бичээрэй!
10. Фитнесс тэмдэглэл

Хэрэв та эрүүл, эрч хүчтэй нэгэн болохоор фитнесст явж буй бол фитнессийн тэмдэглэл болон хоолны тэмдэглэлийг хамтад нь хөтлөөрэй.
Тэмдэглэлдээ фитнессээр хичээллэх үйл ажиллагааг богино болон урт хугацааны бэлтгэл, тогтмол хийх дасгал, хүчний дасгал, сунгалтын дасгал гэх мэт байдлаар ангилан ялгаад, хэзээ, алийг нь хийх талаар төлөвлөнө. Цаашлаад, өдөрт хийж буй дасгалуудын тоо давтамж, үргэлжлэх хугацаа, өргөж буй жин гээд хүссэн бүхнээ тэмдэглэж, өөрийнхөө биеийн жин, гарч буй бусад өөрчлөлтийг хянаж болно.
Фитнессийн тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Тухайн өдөр хийсэн бэлтгэлийн үр дүн, ололт амжилтыг бичиж, тэмдэглэнэ
- Бэлтгэл хиймээргүй санагдсан үед магадгүй өмнөх өдрүүдийнхээ тэмдэглэлээс урам зориг авна
Ямар хүмүүст тохирох вэ?
- Фитнессээр хичээллэгсдэд
- Бэлтгэл хийж эхэлж буй болон зөвлөгөө заавар хэрэгтэй, урам зоригоор дутаж буй хүмүүст
- Фитнессээр хичээллээд хүрэх зорилгоо тодорхойлсон хүмүүст
11. Халаасны тэмдэглэл

Энэ нь халаасанд багтах, хүссэн үедээ гаргаад хэрэглэж болох зориулалттай, жижигхэн хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр юм. Жишээ нь нийтийн тээврээр зорчих үед төрөх шинэ санаа, хурал чуулганы үеэр сонсож мэдсэн – бие даан судлах шаардлагатай гэж үзсэн шинэ зүйлс, танилын тань ярьсан, танд таалагдсан шинэ онигоо гэх мэт зүйлсийг мартахгүйн тулд халаасны тэмдэглэлдээ тэр дор нь бичиж, хадгалах зориулалтаар ашиглах боломжтой.
Халаасны тэмдэглэл жижигхэн хэмжээтэй учраас урт тэмдэглэл хийх зориулалтгүй байдаг.
Халаасны тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Шинэ санаа, хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ цаг алдалгүй тэр дор нь бичиж авна
Ямар хүмүүст тохирох вэ?
- Аливаа зүйлийг хурдан мартчих гээд байдаг хүмүүст
- Олон зүйлийг зэрэг хийдэг учраас аливааг явдал дундаа бичиж, тэмдэглэх гэдэг хүмүүст
- Дуу, шүлэг зохиогч, комедиан зэрэг бүтээлч санаа эрэлхийлдэг хүмүүст
12. Хогийн (junk) тэмдэглэл

Энэ бол “талархлын тэмдэглэл”-ийн эсрэг туйл нь. Талархлын тэмдэглэл дээр та тухайн өдөр хэнд, юунд талархаж байгаагаа бичих бол хогийн тэмдэглэл дээр хамаг уур цухал, стрессээ буулгаж бичнэ. Үр дүнд нь тэдгээр сөрөг зүйлсийг дотроо хадгалаад байх шаардлагагүй болно гэсэн үг.
Хогийн тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Стресс болон сөрөг мэдрэмжийг өөрөөсөө зайлуулах сайн арга
- Хүнд, хэцүү үеийг даван туулах нэг төрлийн хэрэгсэл
Ямар хүмүүст тохирох вэ?
- Амьдралынхаа хүнд цаг үеийг туулж буй хүмүүст
- Сэтгэл санааны дарамтад орсон хүмүүст
13. Жирэмсний тэмдэглэл

Жирэмсний үеэр ихэнх хосууд баяр хөөр, аз жаргалтай байснаа дурсан санадаг. Тэгвэл яагаад тэр бүхнийг жирэмсний тэмдэглэлд авч үлдэж болохгүй гэж?
Эсхүл та жирэмсэн болсон цагаасаа эхлэн биеийн эрүүл мэндээ хянах зорилгоор жирэмсний тэмдэглэл эхлүүлж болох юм. Жишээ нь жирэмсний үед эмэгтэй хүний биед гормоны өөрчлөлт их ордог тул сэтгэл санаа тогтворгүйтэх, аливааг мартагнах шинж тэмдэг элбэг тохиодог. Эдгээр шинж тэмдэг болон биед гарч буй бусад өөрчлөлтийг жирэмсний тэмдэглэлдээ тухай бүрд нь тэмдэглэснээр эмчээс зөвлөгөө авах, эмч таны асуудлыг зөв оношлоход тус болох нь дамжиггүй.
Жирэмсний тэмдэглэлд өөр олон зүйлийг бичих боломжтой. Жишээ нь ээж болохоор бэлдэж буй үед гарах эерэг өөрчлөлт, хүүхдийнхээ тухай төсөөлөн бодох бодол, хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулах, төрсөн өдрийг нь хэрхэн хийх талаарх төлөвлөгөө гээд бүхий л зүйлийг багтааж болно.
Жирэмсний тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Зан байдал, сэтгэл хөдлөл болон хооллолт, биеийн өөрчлөлт, хүүхдийн хөдөлгөөн зэргийг хянана
- Жирэмсний үед бичиж, хадгалсан дурсамжаа хүүхдэдээ том болсон хойно нь хуваалцах боломжтой
Ямар хүмүүст тохирох вэ?
- Жирэмсэн эмэгтэйчүүд болон хосуудад
14. Шүлгийн тэмдэглэл

Шүлэг, яруу найрагт сонирхолтой боловч бусдын бүтээлийг уншихаас хэтрэхгүй тохиолдолд та яагаад “шүлгийн тэмдэглэл” нээгээд онгод, урам зориг өгөх шүлэг, шүлгийн хэсэг болон өөрийн зохиосон мөртүүдээ нэг дор хадгалаад авч явж байж болохгүй гэж?
Шүлгийн тэмдэглэлийг уран сайхны тэмдэглэл, номын тэмдэглэлтэй нэгтгэж, хэрэглэх боломжтой.
Шүлгийн тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Дуртай болон таалагддаг шүлгүүдийг тань нэг дор, цэгцтэй хадгалахад тусална
- Зохиосон шүлгүүд тань нэг дор байх тул шаардлагатай үед тэр дор нь гаргаж ирээд уншиж болно
Ямар хүмүүст тохирох вэ?
- Шүлэг, яруу найраг унших, бичих сонирхолтой хүмүүст
- Номын клубын гишүүдэд
15. Дундын тэмдэглэл

Тэмдэглэл хөтлөх нь заавал нэг хүний хийдэг ажил байх албагүй.
Хэрэв та анзаарсан бол бид тэмдэглэл хөтлөхдөө тухайн бичвэрт дурдагдаж буй зүйлд анхаарал хандуулж, ач холбогдол өгсний үндсэн дээр олж авсан хувийн бодол, мэдрэмжээ буулгадаг. Тэгвэл гэр бүл, нөхөрлөл, хайр сэтгэлийнхээ харилцаанд тавих анхаарал халамжаа сулруулахгүйн тулд яагаад тэдгээр харилцаанд хамаарах хүмүүстэй хамтран “дундын тэмдэглэл” хөтөлж болохгүй гэж?
Жишээ нь: Гэр бүлийн тэмдэглэлд гэр бүлийн гишүүдэд хамаарах чухал огноо, үйл явдал, дурсамж, саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэсэн арга зам, хамтдаа олсон ололт, амжилт зэргийг бичих боломжтой бол хосууд Хосын тэмдэглэлд хамтын дурсамж, зорилго, зорилтоо тэмдэглээд, түүнийгээ зураг болон бусад зүйлсээр чимэглэж болох юм. Үүнтэй адилаар сайн найзууд ч Найзуудын тэмдэглэл бий болгон хамтдаа хөтлөх боломжтой.
16. Бүтээмжтэй ажиллах тэмдэглэл

Аливаа ажлыг цаг хугацаанд нь хийж амжихгүй, эсхүл зөв дараалалд оруулж чадахгүй байх асуудалтай тулгарсан уу? Бид заримдаа шинээр эхлүүлж буй ажилдаа урам зоригтой ордог ч төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй бодит бус үр дүнг хүлээж, эцэст нь түүндээ урам хугарах тохиолдолтой бишгүй тулгардаг.
Хэрэв та эдгээр бэрхшээлийг даван туулахыг хүсвэл productivity journal буюу “Бүтээмжтэй ажиллах тэмдэглэл” эхлүүлэхийг бодоорой. Энэ төрлийн тэмдэглэл хөтлөхөд зориулагдсан дэвтрүүд таны цагийн менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтэцтэй хийгдсэн байдаг. Тэр ч утгаараа олон амжилттай бизнес эрхлэгчид бүтээмж нэмэгдүүлэх тэмдэглэлийн дэвтрийг хөтөлдөг байна.
Бүтээмжтэй ажиллах тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Таныг хамгийн чухал ажилдаа анхаарахад тусална
- Өдөр тутмын ажлуудаа зөв эрэмбэлэхэд тусална
- Ололт амжилтаа хэмжих гайхалтай арга зам
Ямар хүмүүст тохирох вэ?
- Үр бүтээмж муутай ажиллаж байгаагаа засахыг хүссэн хүмүүст
17. Хүслийн тэмдэглэл

Бусад төрлийн тэмдэглэлтэй харьцуулахад ер бусын, хүн бүрийн сонирхлыг татахгүй ч туршаад үзэхэд илүүдэхгүй.
Бид заримдаа өөрсдийнхөө одоо байгаа амьдралын юунд сэтгэл хангалуун байгаагаа, бас юуг өөрчилж болох талаар эргэцүүлэн боддог шүү дээ. Хүслийн тэмдэглэл бол та ирээдүйн амьдралаа ямар байлгахыг хүсч байна буюу бүх зүйл үнэхээр хүслээр тань болчихсон нөхцөлд яах вэ гэдгийг тодорхойлох тэмдэглэл юм.
Жишээ нь та орон сууц худалдан авах зорилготой бол тэрхүү байр хаана, ямар байрлалд, ямаршуу хэлбэр загвартай байх юм, ямар өнгийн обойтой байх уу, яаж тохижуулах уу гээд хүсч буй байраа яг л авчихсан байгаагаар төсөөлөн бичээрэй. Хүсэл, зорилго тань илүү хийсвэр төрлийнх ч байж болно. Жишээ нь бүтээмжтэй ажиллаж сурах, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлж буй бол тэр тохиолдолд та ажилдаа яаж хандах вэ, хүмүүстэй хэрхэн харилцах вэ гэдгээ тэдгээр чадварыг аль хэдийн эзэмшчихсэн байгаа талаас нь харж, төсөөллөө аль болох бодитоор бичнэ.
Хамгийн чухал нь хий хоосон “хэрвээ” биш, үнэхээр тэр зүйл бодитоор биелэлээ олчихсон байгаа нөхцөлд яах вэ гэдэг талаас нь санаж, бичих хэрэгтэй.
Хүслийн тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Хүсэл, зорилгоо илүү сайн, илүү бодитоор ойлгоход тусална
- Тодорхой зорилгыг биелүүлсний дараах үр дагаврыг бодитоор харахад тусална
Ямар хүмүүст тохирох вэ?
- Өөрийнх нь хүсэл, зорилго биелэхгүй юм шиг санагдах хүмүүст
- Зорилгоо тодорхойлоогүй байгаа хүмүүст
18. Санхүүгийн тэмдэглэл

Цалин буулаа, нэг л мэдэхэд таны мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог бол санхүүгийн тэмдэглэл хөтөлж хэвшээрэй. Санхүүгийн тэмдэглэл таныг санхүүгээ хянах, мөнгөө хадгалах, худалдан авалтын төлөвлөгөө гаргаж сурахад туслах болно. Хүмүүс энэ төрлийн аппликэйшн их хэрэглэдэг болсон ч магадгүй та үзэг, цаас нийлүүлэхийг илүүд үзэж болох юм.
Санхүүгийн тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Санхүүгээ хянана
- Санхүүгийн төлөвлөгөөтэй байна
Ямар хүмүүст тохирох вэ?
- Үрэлгэн хүмүүст
- Мөнгөө зөв захиран зарцуулахыг хүсч буй хүмүүст
19. Шинэ санааны тэмдэглэл

Шинэ санаагаа заавал тусад нь бичих шаардлагатай гэж үү хэмээн та бодож магадгүй. Дээр дурдагдсан шугамгүй, төслийн, халаасны зэрэг тэмдэглэлд бичиж болох ч хэрвээ та илүү бүтээлч төрлийн хүн бол санаануудаа галзуу, ухаалаг, хэрэгцээт, хөгжилтэй, ашигтай зэргээр ангилаад тусдаа дэвтэрт хадгалах нь өөрөө тийм ч муу санаа биш юм. Санаанаас санаа төрдөг гэдэг шүү дээ.
Шинэ санааны дэвтэр хөтлөхийн давуу тал:
- Шинэ санаануудаа нэг дор хадгална
- Өөр өөр санааг хооронд нь холбож, нэг бүхэл зүйл болгох боломжтой
- Таны бүтээлч чадварыг нэмэгдүүлнэ
Ямар хүмүүст тохирох вэ?
- Бүтээлч
- Толгойд эргэлдэх есөн шидийн санаа, бодлоо цэгцлэхийг хүссэн хүмүүст
20. Захидлын тэмдэглэл

Ирээдүйн өөртөө, эсхүл 15 настай өөртөө захидал бичих нь танд өнгөрсөн, одоо, ирээдүйн өөрийгөө ойлгоход тусална. Бас эцэг эхдээ, хайртдаа, найздаа, хүүхдүүддээ зориулсан захидлыг Захидлын тэмдэглэлдээ бичээд тэдэнд хэзээ нэгэн өдөр үзүүлэх боломжтой. Үзүүлэхгүй байлаа ч өөртөө болон бусдад захидал бичих нь аливааг тунгаан бодох, өөрийнхөө амьдралын талаар эргэцүүлэхэд тань тусална.
Захидлын тэмдэглэл хөтлөхийн давуу тал:
- Хувийн амьдрал болон бусадтай харилцах харилцаагаа сайжруулахад тусална
Ямар хүмүүст тохирох вэ?
- Өөрийгөө илүү их таних, өөрийгөө нээхийг хүссэн хүмүүст
Тэмдэглэл гэдэг зүйл дээр дурдагдсан 20 төрлөөр хязгаарлагдахгүй нь мэдээж бөгөөд та хүссэн төрлөөрөө бичих боломжтой. Олон төрлийн тэмдэглэл өөр өөрсдийн онцлог шинжийг хадгалан бичигдэх учиртай.
Хамгийн чухал зүйл бол тэмдэглэл хөтлөх нь өөрөө хүний ажил, амьдралыг хөнгөвчилдөг үр өгөөжтэй үйл ажиллагаа гэдгийг ойлгох явдал билээ.
Хэрэв танд энэхүү мэдээлэл таалагдсан бол тэмдэглэл хөтлөх аялалаа эхлүүлээрэй, амжилт хүсье!
Эх сурвалж: Intelligent Change
Танд санал болгох нь
-
roux шаргал 120 хуудастай B6 арьсан дэвтэрPrice range: 55,000₮ through 70,000₮ -
Модон үзэг энгийн болон соруулдаг хошуутай20,000₮

Хариулт үлдээнэ үү