
Гараар бичих нь яагаад биднийг илүү ухаалаг, бүр аз жаргалтай болгодог вэ?
Үүнд дараах 8 шалтгааныг дурдаж болно.

Гар
Хүрнэ гэдэг танин мэднэ гэсэн үг
Германы философич Иммануэл Кант “Гар бол оюун ухааны цонх” хэмээн тэртээ 300 жилийн өмнө хэлсэн. Бид нүдээрээ бүхнийг хардаг ч хүрч мэдрэхдээ гараа ашигладаг. Бидний хүрэлцэх мэдрэхүй маш боловсронгуй болох нь харанхуйд гартаа барьсан зүйлээ гэрэлтэйд харж байснаасаа илүү нарийн дүрсэлж чаддагаас харагддаг. Энэ утгаараа хүрэх, шүргэх үйлдэл бүр тархинд оч үсэргэж, бидний бодол санааг тэлдэг.
Үзэг, цаас ашиглан бичиж – өөрийн доторх галаа асаа.

Бод
Бичих нь оюун ухааныг дасгалжуулдаг
Бид анхлан уншиж сурахдаа тодорхой цаг хугацааг зарцуулдагтай адил үг, үсэг холбож бичих, цаашлаад бодол санаагаа цаасан дээр чөлөөтэй буулгаж сурах хүртлээ багагүй цаг хугацааг зарцуулдаг. Чухамхүү гар, бугуй орчмын жижиг булчингуудыг үр дүнтэй ашиглах ур чадвар болон хийсвэрлэх, төсөөлөх ур чадваруудын цогц харилцан үйлчлэл нь гараар бичих бидний үйлдлийг синапсуудын дахин давтагдашгүй симфони болгож өгдөг. Тархи судлалын үүднээс авч үзвэл, үзэг, цаас ашиглан бичих шиг тархинд хэрэгтэй бөгөөд тустай зүйл цөөхөн ажээ. Мөн гараар бичих нь баруун, зүүн тархины холбоосыг бэхжүүлдэг тустай.
Бодол санаагаа цаасан дээр буулга – тархиныхаа бүх хэсгийг ажиллуул

Ойлго
Сурахийн тулд бич
Компьютер, гар утсан дээр бичих нь жинхэнэ бичих үйлдэл биш. Үзэг, цаас нийлүүлэх үед бодох, боловсруулах тархины ажиллагааг ямар ч кийбоард орлож чадахгүй. Оюутнуудын хувьд аливааг гараар бичиж, тэмдэглэл үйлдэх үедээ юмсыг илүү сайн сурч, ойлгодог. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хувьд үзэг, цаас тогтмол хэрэглэсний дүнд хэл, ярианы ур чадвар нь хурдан хөгждөг. Гадаад хэлний хувьд ч гэсэн та хэдэн настай, ямар хэл сурч байгаагаас үл хамааран бичих үед илүү сайн тогтоогддог. Сурсан мэдсэнээ ашиглах үед тэр зүйлс жинхэнэ мэдлэг болж үлддэг. Энэ утгаараа бид аливааг гараар бичих бүрд мэдлэгээ нэмэгдүүлж байдаг.
Юм сурахдаа үзэг, цаас ашигла – суралцах ур чадвараа нэмэгдүүл

Үйлд
Бичнэ гэдэг бодож, төлөвлөх тухай
Бидний оюун ухаан зөвхөн хязгаарлагдмал тооны алхмуудыг урьдчилан тооцоолдог. Тийм ч учраас хааяа ихийг бодох үед толгой эргэж өвддөг, мөн ихэнх хүн шатрын 5 нүүдлээс цаадахыг харж чаддаггүй. Гэвч үзэг, цаас нийлүүлэх үеэс бид бодол, санаагаа чөлөөлж, эмх цэгцэнд оруулдаг, дотоод төөрөгдлөөсөө салдаг. Энэ нь бидэнд одоо байгаа нөхцөл байдлаас нэг хойш ухраад ирээдүйн төлөв, төсөл, төлөвлөгөөг бодитоор харахад тусалдаг. Бодол, санаа болон хийхээр төлөвлөж буй зүйлсээ цаасан дээр буулгах нь тэднийг амь оруулах, бодитоор хэрэгжих боломжийг нэмэгдүүлж байгаа хэрэг.
Юу бодож байгаагаа бич. Шагнал нь тодорхой байдал, саруул ухаан байх болно.

Ангил
Хийх зүйлийн жагсаалт хүмүүсийг чөлөөлж байна
Өөрчлөх боломжгүй ч юмуу, өөрчлөгддөггүй төлөвлөгөө гэж үгүй. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй байж болно. Өдрийн 24 цаг бага санагдаж ч болно. Бидний санааг зовоодог ихэнх асуудал санаснаар болдоггүй, байнга өөрчлөгдөж байдаг ажил, төлөвлөгөөтэй холбогддог. Гэвч үзэг, цаас танд тов тодорхой байдал, амар тайван байдлыг олгож чадна. Гараар бичсэн хийх ёстой зүйлсийн жагсаалт бүр оюун санааг чөлөөлж, дүн шинжилгээ хийх, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг. Мөн яаралтай зүйлсээс хамгийн чухлыг нь ялгах, эрэмбэлэх, дэс дараалалд оруулах гээд олон нэмэлт, өөрчлөлтийг түргэн хугацаанд, хүссэн үедээ, үр ашигтай байдлаар үзэг, цаасны хамт хийх боломжтой. За тэгээд хийж дуусгасан ажлаа хөндлөн зурж арилгахад мэдрэгддэг сэтгэл ханамжийн талаар дурдах нь илүүц биз.
Хийх зүйлсийн жагсаалт гаргаж, ажлаа төлөвлө – тэр үед та бүх хяналтыг гартаа атгах болно

Олж нээ
Зохиолч бол шинийг эрэлхийлэгч
Ихэнх зохиолч зохиолоо гараар бичдэг нь цаасан дээр бичигдэх шинэ аялал тэднийг цааш хаа хүргэхийг мэдэхийг хүсдэгтэй холбоотой. Компьютерийн дэлгэц дээрх бичвэрийг бодоход цаасан дээрх бичвэр илүү удаан хадгалагдаж, ашиглагдах чанартай байдаг. Бидний гарыг нэг өгүүлбэрээс нөгөөд зөөлөн зөөлөн шилжүүлэн жолоодох үзэг хэмээх хэрэгсэл уг чанарыг бататгаж өгдөг. Компьютер дээрх өгүүлбэрийг ганцхан товч дараад устгахаас илүүтэй цаасан дээр бичих үедээ бид бодож буй зүйлийнхээ зүгт урагш тэмүүлж, шинийг туурвих хандлагатай байдаг. Хэрэв танд асуудал тулгарсан ч шийдэл харагдахгүй байгаа бол зүгээр л үзэг, цаас аваад бичиж эхэл. Бичих үед нэг өгүүлбэр нөгөө өгүүлбэрээ, нэг санаа өөр нэг санааг дагуулдаг. Удалгүй өмнөх бодлоор үүсгэгдэн бий болсон дүрүүд болон үйл явдал цааш үргэлжлэн төсөөлөгдөж эхэлдэг нь зөвхөн гараар бичих үед бий болдог онцгой үзэгдэл.
Бодол, төсөөллөө гараараа бичиж буулга – шинийг олж нээ.

Орхи
Сэтгэл санаагаа амраа
Бичих нь бидний сэтгэл санааг тайвшруулж, аливааг бодож, эргэцүүлэх, өөрийгөө ойлгох, оюун санааг дарсан бусад олон зүйлээс ангижрах боломжийг олгодог. Мөн гараар бичих нь бясалгал хийх үед идэвхждэг тархины эд эсүүдийг сэргээдэг. Эрдэмтдийн үзсэнээр, цаасан дээр гараар бичих нь аливааг ойлгоход туслах төдийгүй шинэ санаа боловсруулах, хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг ялгаж, салгахад тусалдаг гэсэн. Үүний тулд та заавал өдрийн тэмдэглэл бичих шаардлагагүй. Хийх зүйлийн жижигхэн жагсаалт хүртэл таны тухайн өдрийн зорилгыг биелүүлэхэд тусалж чадна.
Сэтгэл санаанаасаа юуг авч хаямаар байгаагаа бич – дотоод амар амгаланг олж нээ

Эргэн сана
Бичих нь оршиж буйн нэг хэлбэр
Гараар бичих нь бие махбодийн үйлдэл. Цаасан дээр бичсэн үг, үсэг, тэмдэг бүр таны ой санамжид ул мөрөө үлдээдэг. Ихэнх хүмүүс уншсан номынхоо сонирхолтой хэсгийг урт хугацааны дараа ч гэсэн санадаг шүү дээ. Гараар бичих нь үүнтэй адил бөгөөд тэрхүү нөлөө нь илүү хүчтэй байдаг. Бид лекцийн танхимд бичигдсэн янз бүрийн тэмдэгт, товчлолоор дүүрэн өөрсдийн тэмдэглэлийг олон жилийн дараа хараад тухайн үед дурдагдаж байсан гол санаа, бүр ямар уур амьсгалтай байсныг хүртэл санадаг. Жижигхэн тэмдэглэлийн хэсэг ч гэсэн биднийг цаг хугацаагаар аялуулдаг. Тийм учраас хүмүүс тэмдэглэлийн дэвтрүүдээ хаялгүй хадгалдаг. Мөн алдартай хүмүүсийн гар бичмэл үнэ цэнтэй хэвээр байдаг нь тухайн хүний зан характерийг бичсэн бичвэрээс нь танин мэдэх боломжтой байдагтай холбоотой.
Үзэг, цаас ашиглан бичиж – хувийн түүх, гарах өөрчлөлтүүдээ бүртгэ
Эх сурвалж: Leuchtturm1917
Санал болгох нь
-
mini roux 100 шаргал хуудастай арьсан дэвтэр30,000₮ – 35,000₮
-
Модон үзэг энгийн болон соруулдаг хошуутай10,000₮ – 15,000₮
Хариулт үлдээнэ үү